ОЛОН ТҮҮХЭН ШИНЭ ҮЙЛ ЯВДЛУУДААР ДҮҮРЭН ОЛИМПЫН НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛНО
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 2 сар өмнө

urug.mn

“Токио-2020” олимпийн наадам өнөөдөр албан ёсоор  Монголын цагаар 19.00  цагт нээнэ. Дэлхий дахинд нүүрлэсэн коронавирусийн цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилж өнөөдөр ийнхүү халдвар хамгааллын нарийн дэглэм дор үзэгчгүйгээр олимпын наадам хөшгөө нээх гэж байна. 

Монгол Улсын тамирчид 14 дэх удаагаа оролцож буй энэ удаагийн олимпийн наадамд онцлох зүйл олонтой болж буй.  1964 онд Япон улсын Токио хотод зохион байгуулсан олимпод Монгол Улс анх удаа оролцсон түүхтэй. Олимпийн дэвжээнд анх өрсөлдсөн улсад, яг тэр хотод “Токио-2020” болж буйгаараа онцлогтой.

Монголын спортын түүхэнд энэ удаагийн олимп олон шинэ хуудсыг нээж байгаа. Түүний нэг бол олимпын 10 төрөлд өрсөлдөх эрхээ авсан нь манай тамирчдын хувьд дээд амжилт болоод байгаа билээ. 

Бид энэ удаагийн “Токио-2020” олимпод Монгол Улс жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага, бокс, сагсан бөмбөгийн 3×3, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойж байгаа юм. Энэ нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод мөн 43 тамирчаа оролцуулсан дээд амжилтыг давтсан үзүүлэлт. Түүнчлэн сагсан бөмбөгийн 3×3, ширээний теннисний ганцаарчилсан төрлөөр монголчууд олимпод анх удаа хүч сорьж байна.

Монголын тамирчдын 25 нь эмэгтэй, 18 нь эрэгтэй. Түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн дийлэнхийг бүрдүүлсэн. 1972, 1976 оны олимпод хоёрхон эмэгтэй тамирчин өрсөлдсөн удаа бий. Өнгөрсөн хугацаанд олимпод Монгол Улсын эрэгтэй тамирчид илүүтэйгээр оролцож байсан билээ. 

Энэ удаагийн олимпод илгэж байгаа тамирчдын 12 нь буюу О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг нар Гавьяат тамирчин цолтой.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна